Хамгийн гоё аялал бол Сафари аялал шүү дээ.

 

Фукуок арлын баруун хойд эрэгт орших Бай Дай хотод байрладаг тус цэцэрлэгт хүрээлэн нь Вьетнамын хамгийн том амьтан судлалын цэцэрлэгт хүрээлэн гэдгээрээ алдартай. Үлгэрийн мэт тохижуулсан тус цэцэрлэгт хүрээлэнд яст мэлхий, фламинго шувуу, сармагчин, арслан, заан, бар, ирвэс, матар, анааш, тоть гээд байхгүй амьтан үгүй мэт санагдана. Хамгийн гол нь амьтдаа торлохоос илүүтэй яг л тэдний амьдарч буй газарт нь бид зочилж байгаа мэт орчин бүрдүүлсэн нь онцгой сэтгэгдэл төрүүлнэ. Тус цэцэрлэгт хүрээлэн дэлхийд томдоо ордог учраас аялагчид явганаар тойрч бүгдийг үзэх боломжгүй. Тиймээс аюул багатай амьтдыг үзүүлэхдээ хэдийнэ бидний танил болсон түктүкийг ашиглах бөгөөд амьтан тус бүрт ойртон ирэхэд тухайн амьтны талаарх мэдээллийг чанга яригчаар англи хэлээр өгч байгаа нь аялагчид богино хугацаанд олон төрлийн амьтан үзэх, тэдний талаарх мэдээллийг хөтөчтэй мэт авах боломжийг олгоно.

Вьетнамын Фукуок аралд байрлах Vinpearl Safari Phu Quoc нь тус улсын анхны хагас зэрлэг амьтдын хамгаалалтын цогцолбор бөгөөд 380 га талбайг хамарсан, 190 гаруй зүйлийн 4,200 гаруй амьтдыг хамгаалан өсгөж буй томоохон парк юм. 

Харин зэрлэг амьтны хэсэгт тусгай зориулалтын автобус болон хөтөчтэй нэвтрэх бөгөөд зам дээр нь хүрэн баавгай хэнэггүйхэн зогсож байна. Тэнд араатны хаан арслан модны сүүдэрт тухлан, дээрээс төөнөх наранд нүдээ анин зүүрмэглэнэ. Хажууханд нь байсан эрслэн бидний өөдөөс зүүрмэглэн эвшээхэд түүний аман дахь араа соёо нь харагдаж байгаагаасаа аюултай амьтан шүү гэдгийг илтгэх шиг сүрдэм харагдана. Автобус дүүрэн аялагчид түүний араа соёог хараад дуу алдан бишрэв. Цаашлаад зураг дээрээс л харж байсан хирсний гэр бүл нааш, цааш хийцгүйрэн алхана. Тэдний хамар дээрх соёоноос хэн хүнгүй сүрдэнэ. Түүний шавар элс болсон том бие, юуг ч бутарган хагалж чадах соёо дуу алдуулам. Бие дээрх судлыг нь ижил хэмжээгээр жигдрүүлж будчихсан мэт хар цагаан холилдсон тахийн сүргийг харахад цаанаа нэг үзэсгэлэнтэй. Эрээн тахь нь хар, цагаан судалтай онцлог зүсээрээ хамгийн их алдаршсан Африкийн адууны овгийн зүйл гэдгийг хөтөч онцлоод тахь бүрийн судал өөр өөр байдаг гэв. Ойролцойгоор 2.3 м урт, 1.25-1.5 м өндөр, 300 кг жинтэй. Зарим нь 410 кг жин татах ч тохиолдол байдаг аж. Модны сүүдэрт тухлах эхийнхээ ард, урдуур нь гүйх жижигхэн эрээн тахь олны хайрыг хүлээв. Төд удалгүй тус амьтны хүрээлэнгийн хамгийн алдартай амьтан болох анаашны ертөнцөд ирэв. Тэд тийм өндөр учраас ийм амгалан байдаг юм уу гэлтэй. Хаанаас нь ч харсан хайр татам. Бүр анааш хооллох тусгай хэсэг хүртэл байгуулж тодорхой хэмжээний мөнгө төлөөд тэднийг өөрийн гараар хооолох боломж олгосон нь аялагчдын сонирхлыг татаж байна. Тус цэцэрлэгт хүрээлэнгээр 3-4 цаг тойрон аялахад ч цаана нь үзээгүй амьтан, хараагүй орчин үлдэж байх жишээтэй. Амтны хүрээлэн гэдэг  торон дотор хэдхэн төрлийн амьтан хийчихээд түүнийгээ алсаас харуулахыг хэлдэггүй. Харин амьтдынхаа амьдрах орчин, амьдарлын хэв маяг орчинг нь бүрдүүлж тэр дотроо аялагчдыг оруулж амьтдын ертөнцөөр аялах боломжийг олгодог.

 

“Grand World ” соёл амралтын хүрээлэн

Фукуок арлын Grand World бол Вьетнамын хамгийн том аялал жуулчлал, соёл, худалдаа, зугаа цэнгэлийн цогцолбор бөгөөд “Унтдаггүй хот” хэмээн нэрлэгддэг. Энэхүү 85 га талбай бүхий цогцолбор нь Европын хотуудын архитектур, Венеци маягийн суваг, дэлхийн түвшний шоу тоглолтууд, музей, дэлгүүр, ресторануудыг нэг дор багтаасан өвөрмөц газар юм. Grand World Phu Quoc бол Фукуок арлын зүрхэнд орших, соёл, зугаа цэнгэл, амралтыг нэг дор хослуулсан гайхамшигт газар юм. Таны аялал, хуримын дурсамжийг илүү онцгой болгоход энэхүү цогцолбор тусална гэдэгт итгэлтэй байна.

Хэрвээ та Фукуок арал очсон заавал очиж үзэх ёстой газрын нэг юм. Энд та Европын хэв маягийн үзэсгэлэнт архитектур, олон төрлийн үзвэр үйлчилгээ, дэлгүүр, зоогийн газруудыг нэг дороос үзэх боломжтой. Голын эрэг дагуух худалдаа үйлчилгээний хэсгүүд өдрийн цагаар яг л үлгэр ордон мэт харагдана. Үйлчлүүлэгч нэг бүрээ мэдлэн угтаж хүндлэн үднэ. Үйлчилгээний соёл, харилцаа хандлага, шоу урлагийг цогцоор нь хөгжүүлсэн бас нэгэн гайхамшигт хэсэг. Яг л Италийн Венецийн гудамжаар хөндлөн гулд давхих мэт тансах тохижуулалт бүхий усан завиар аялаж, олон улсын амтат хоолоор үйлчилэх зоогийн газрууд, хүний хэрэгцээ цөм бүрэн дэлгүүрүүд, хөл массажны алдарт бариаг ч орхигдуулж үл болно.

“Hi Madam” гэдэг үгийг эелдэг зөөлнөөр өдөрт хэдэн зуун удаа давтан хэлсэн ч тэд хийж байгаа ажилдаа сэтгэлээ бүрэн шингээж нэг ч болов хүнд хүрч үйлчлэхийг зорино. Наран шингэж үдэж болоход усан дээрх урлагийн үзүүлбэр, гэрлийн шоу, буудлагын салютын тоглолтоор үргэлжлэнэ. Үйлчилгээний газрууд уг тоглолтыг хамгийн тухтай байдлаар амтат дарс, халуун хоол, хүйтэн жүүс, ус ундаагаар үйлчлүүлэнгээ үзэх боломжийг аялагчдад олгоно. Сүүлдээ суух сандал ч олдохгүй болтлоо иргэдийн хөл хөдөлгөөнд дарагдана. Ингэж л улс нь удирдлагууд нь иргэдийнхээ бизнесийг дэмжиж, бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүд нь үйлчлүүлэгчдийнхээ сэтгэлд тултал хүрсэн үйлчилгээ үзүүлж өнөөдөр ганцаараа ирсэн хүн маргааш нь хоёулаа, гурвуулаа, аравуулаа болоод ирэх аялал жуулчлалын гинжин хэлхээг бэхжүүлж байна.

Төлбөрийн хувьд бэлэн мөнгөөр үйлчлэхээс гадна “Apple pay”, “Samsung pay” гэх мэт олон улс хоорондын үйлчилгээг ашиглах боломжтой юм. Дэлхий бөөрөнхий биш хавтгай болж улам л даяаршиж байна. Өмнө нь англи хэлгүй л бол дэлхийд гарах боломжгүй мэт санагддаг байсан цаг ард үлдэж цахим технологийн тусламжтайгаар дэлхийн хаана ч аяласан газардахгүй, ганцаардахгүй болжээ. Хамгийн наад зах нь тэд хэний ч өөдөөс найрсагаар инээж, бас бөхөлзөж чадаж байна. Тэд үйлчилгээгээ өндөр түвшинд үзүүлээд “Дараа дахин ирээрэй. Дахин ирвэл хөнгөлөлт үзүүлнэ ээ” гээд гар даллан, нуруу бөхөлзөн үдэж байна. Монголчилвол Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Ганга нуурт жил бүр мянга мянган хун чуулдаг шиг Вьетнам улсын Фукуок аралд дэлхийн олон орны мянга мянган хүн чуулж байна

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Фукуок арлын тухай сонирхолтой баримтууд

1. Фукуок үнэндээ Вьетнам улсын газар нутаг биш байсан.

Францын колончлолын үед Фукуок арал үнэндээ Камбож улсын газар нутаг байжээ. Гэхдээ Вьетнам Францын колончлолооос гарах үед энэхүү арлыг Камбож улс авахыг хүсээгүй тул Вьетнамын газар нутаг болж үлдсэн байна. Тиймээс Фукуок арлаас хамгийн ойр Вьетнамын эх газарт 1 цаг нисч хүрдэг бол Камбож улс ердөө 4км зайтай.

2. Фукуок гэдэг нь Баян  гэсэн утгатай үг.

Загасчлал, перец болон сувдны олборлолтоор тэргүүлэгч Фукуок аралд 99 уул, 4 том гол бий. Далайн дунд байрладаг ч том цэнгэг устай голуудтай учир хүн ам сууршин, аж үйлдвэрлэл хөгжих таатай нөхцөл бүрджээ.

3. Фукуок аралд уугуул иргэдээс илүү зочид бий.

Фукуок арал нийт 500 мянга гаруй орчин суугчидтайгаас уугуул оршин суугчид ердөө 100 гаруй мянга бол үлдсэн 400 мянга нь арлын аялал жуулчлал, аж үйлдвэрийн салбарт ажиллахаар ирсэн түр оршин суугчид байдаг. Мөн жил бүр 6 сая жуулчин Фукуок арлыг зорин очдог байна.

4. Фукуок банхар???

Фукуок аралд Ridgeback гэх нохойн үүлдэр байх бөгөөд Вьетнамын Нюнг Нан хаан эх газарт тулаанд ялагдан газар нутгаа алдаад, Фукуок аралд зугатаж ирэхдээ энэ үүлдрийн нохдыг өөрийн анч нохой болгон сургаж байжээ. Өдгөө Ridgeback үүлдрийн ноход нь Зүүн өмнөд Азийн хамгийн алдартай анч нохдын нэгт тооцогддог.

5. Органик соус

Фукуок арал загасны соусаараа алдартай. Фукуокт зөвхөн байгалийн аргаар буюу элдэв химийн нэмэгдэлгүйгээр шавар вааранд исгэж загасны соус гаргаж авдаг бөгөөд энэ нь өөр хаана ч байхгүй хүчтэй, давслаг амттай. 12тонн загаснаас 3,5тн соус гардаг.

6. Хямд торго

Фукуок арлын оршин суугчид хүр хорхойн торгыг байгальд ээлтэй уламжлалт аргаар гарган авдаг. Энэхүү торго нь өндөр чанартай, удаан эдэлгээтэй, бактери үржүүлдэггүй гэх мэт олон давуу талтай бөгөөд хөнжил, орны даавуу зэрэг чанарын торгон эдлэлийг харьцангуй хямдаар авах боломжтой байдаг.

7. Час хийсэн амт

17-р зуунд Мин улс мөхөх үед Макку гэх Мин улсын жанжин Хятад дүрвэгчидтэй хамт Хайнанаас Фукуокруу дүрвэхдээ Хайнань перецийг авчран нутагшуулжээ. Энэ нь Фукуок арлын өөрийн хөрсний онцлогт зохицсоноор одоогийн амт, үнэр сайтай перецийн төрөл бий болжээ. Фукуок арал жилдээ 400тонн перец экспортолдог .