Фукуок арлын баруун хойд эрэгт орших Бай Дай хотод байрладаг тус цэцэрлэгт хүрээлэн нь Вьетнамын хамгийн том амьтан судлалын цэцэрлэгт хүрээлэн гэдгээрээ алдартай. Үлгэрийн мэт тохижуулсан тус цэцэрлэгт хүрээлэнд яст мэлхий, фламинго шувуу, сармагчин, арслан, заан, бар, ирвэс, матар, анааш, тоть гээд байхгүй амьтан үгүй мэт санагдана. Хамгийн гол нь амьтдаа торлохоос илүүтэй яг л тэдний амьдарч буй газарт нь бид зочилж байгаа мэт орчин бүрдүүлсэн нь онцгой сэтгэгдэл төрүүлнэ. Тус цэцэрлэгт хүрээлэн дэлхийд томдоо ордог учраас аялагчид явганаар тойрч бүгдийг үзэх боломжгүй. Тиймээс аюул багатай амьтдыг үзүүлэхдээ хэдийнэ бидний танил болсон түктүкийг ашиглах бөгөөд амьтан тус бүрт ойртон ирэхэд тухайн амьтны талаарх мэдээллийг чанга яригчаар англи хэлээр өгч байгаа нь аялагчид богино хугацаанд олон төрлийн амьтан үзэх, тэдний талаарх мэдээллийг хөтөчтэй мэт авах боломжийг олгоно.
Вьетнамын Фукуок аралд байрлах Vinpearl Safari Phu Quoc нь тус улсын анхны хагас зэрлэг амьтдын хамгаалалтын цогцолбор бөгөөд 380 га талбайг хамарсан, 190 гаруй зүйлийн 4,200 гаруй амьтдыг хамгаалан өсгөж буй томоохон парк юм.
Харин зэрлэг амьтны хэсэгт тусгай зориулалтын автобус болон хөтөчтэй нэвтрэх бөгөөд зам дээр нь хүрэн баавгай хэнэггүйхэн зогсож байна. Тэнд араатны хаан арслан модны сүүдэрт тухлан, дээрээс төөнөх наранд нүдээ анин зүүрмэглэнэ. Хажууханд нь байсан эрслэн бидний өөдөөс зүүрмэглэн эвшээхэд түүний аман дахь араа соёо нь харагдаж байгаагаасаа аюултай амьтан шүү гэдгийг илтгэх шиг сүрдэм харагдана. Автобус дүүрэн аялагчид түүний араа соёог хараад дуу алдан бишрэв. Цаашлаад зураг дээрээс л харж байсан хирсний гэр бүл нааш, цааш хийцгүйрэн алхана. Тэдний хамар дээрх соёоноос хэн хүнгүй сүрдэнэ. Түүний шавар элс болсон том бие, юуг ч бутарган хагалж чадах соёо дуу алдуулам. Бие дээрх судлыг нь ижил хэмжээгээр жигдрүүлж будчихсан мэт хар цагаан холилдсон тахийн сүргийг харахад цаанаа нэг үзэсгэлэнтэй. Эрээн тахь нь хар, цагаан судалтай онцлог зүсээрээ хамгийн их алдаршсан Африкийн адууны овгийн зүйл гэдгийг хөтөч онцлоод тахь бүрийн судал өөр өөр байдаг гэв. Ойролцойгоор 2.3 м урт, 1.25-1.5 м өндөр, 300 кг жинтэй. Зарим нь 410 кг жин татах ч тохиолдол байдаг аж. Модны сүүдэрт тухлах эхийнхээ ард, урдуур нь гүйх жижигхэн эрээн тахь олны хайрыг хүлээв. Төд удалгүй тус амьтны хүрээлэнгийн хамгийн алдартай амьтан болох анаашны ертөнцөд ирэв. Тэд тийм өндөр учраас ийм амгалан байдаг юм уу гэлтэй. Хаанаас нь ч харсан хайр татам. Бүр анааш хооллох тусгай хэсэг хүртэл байгуулж тодорхой хэмжээний мөнгө төлөөд тэднийг өөрийн гараар хооолох боломж олгосон нь аялагчдын сонирхлыг татаж байна. Тус цэцэрлэгт хүрээлэнгээр 3-4 цаг тойрон аялахад ч цаана нь үзээгүй амьтан, хараагүй орчин үлдэж байх жишээтэй. Амтны хүрээлэн гэдэг торон дотор хэдхэн төрлийн амьтан хийчихээд түүнийгээ алсаас харуулахыг хэлдэггүй. Харин амьтдынхаа амьдрах орчин, амьдарлын хэв маяг орчинг нь бүрдүүлж тэр дотроо аялагчдыг оруулж амьтдын ертөнцөөр аялах боломжийг олгодог.