Аялал бол дурсамж. Харин сайн бэлтгэл тэр дурсамжийг сэтгэлд үлдээх түлхүүр юм. Таны аялал алдаагүй, тухтай болохын тулд заавал бэлдэх зүйлсийг AirPlane Travel Agency танд сануулж байна.
1. Бичиг баримт
Гадаад паспорт тань аялал эхлэх өдрөөс хойш 6-аас доошгүй сар хүчинтэй, 2 хоосон хуудастай эсэхийг шалгаж, очих улс тань виз шаарддаг эсэхийг урьдчилан тодруулаарай. Хилээр гарах хориг байгаа эсэхээ заавал шалгаарай.
2. Аяллын бичиг баримт
Нислэгийн тийз, зочид буудлын захиалга, аяллын даатгал болон хөтөлбөрөө урьдчилан сайн шалгаарай. Нэр, огноо, хугацаа зэрэг мэдээлэл таны паспорт болон захиалгатай яг таарч байгаа эсэхийг нягталж, бүх баримтаа утсандаа хадгалаад цаасан хуулбарыг нь хамт авч яваарай.
3. Аяллын мөнгөн төсөв
Аяллыг тайван өнгөрүүлэх гол баталгаа бол мөнгө. Очих газраа урьдчилан судалж, үзвэр үйлчилгээ, такси, худалдан авалт, гар зардалд зарцуулах төсвөө гаргаарай. Мөнгөө бэлэн мөнгө болон олон улсын картад хувааж авч явах ба картаараа гадаадад төлбөр хийх боломжтой эсэхийг банкнаасаа урьдчилан лавлаарай.
4. Хувийн хэрэглээ
Очих орныхоо цаг агаар, онцлогт тохируулан хувцсаа сонгоорой. Шүдний сойз, оо, гар ариутгагч, нойтон салфетка, нарны тос, малгай, нарны шил зэрэг өдөр тутмын хэрэглээ болон өөрийн тусгай хэрэглэдэг зүйлсээ урьдчилан бэлдээрэй. Тусгай хоол хүнс хэрэглэдэг бол захиалга хийх үедээ манай менежерт мэдэгдээрэй.
5. Эм, анхны тусламж
Байнгын эмчилгээ хийлгэдэг бол өдөр тутам уудаг эмээ аяллын хугацаанд хүрэлцэхээр бэлдээрэй. Толгой өвдөх, халуун бууруулах, ходоод гэдэсний болон харшлын эм, шархны лент, ариутгагч салфетка, спирт бүхий анхны тусламжийн жижиг цүнхтэй байгаарай. Бүртгэлийн ачаа хоцорч ирэх тохиолдол байдаг тул эмээ гар тээшиндээ хийгээрэй.
6. Тухайн орны онцлог
Аялал бүр шинэ соёлтой танилцах боломж юм. Очих орныхоо ёс заншил, хууль дүрмийг урьдчилан судалж, хүндэтгэх нь аяллыг тань илүү утга учиртай болгоно. Мөн залгуурын төрөл, мөнгөн тэмдэгт, цагийн зөрүү, тухайн оронд хориглосон зүйлсийг мэдэж, шаардлагатай бол залгуурын хувиргагч авч яваарай.
7. Хүүхэд, нярайтай бол
Хүүхэд бүр өөрийн гадаад паспорттой байх ба шаардлагатай бол төрсний гэрчилгээ, итгэмжлэлээ бэлдээрэй. Живх, нойтон салфетка, сэлгэх хувцас, хүүхдийн тэжээл, сүү, дуртай зууш, тоглоомоо гар тээшиндээ хийж, хүүхдийн эм, нарны болон шумуулын тосыг тусад нь бэлдээрэй. Эвхэгддэг хөнгөн тэрэг нисэх буудал болон аяллын үеэр их хэрэг болох бөгөөд онгоцны үүдэнд хүртэл авч явах нөхцөлийг агаарын тээврийн компаниасаа тодруулаарай. Онгоц хөөрөх, буух үед нярайг хөхүүлэх, том хүүхдэд ус уулгавал чих дарахаас сэргийлнэ. Сайхан аялж, дурсамж дүүрэн эргэн ирээрэй!
