Ахуйн хэрэглээний зүйлс
Шүдний сойз, оо, гар ариутгагч, нойтон салфетка, үнэр дарагч, үсний хэрэгсэл болон өөрийн тусгай хэрэглэдэг гоо сайхан, ариун цэврийн бүтээгдэхүүнээ урьдчилан бэлдээрэй. Паспорт, мөнгө, утсаа биедээ ойр авч явах жижиг цүнхтэй байгаарай.
Нар, шумуулаас хамгаалах хэрэгсэл
Вьетнамд нар маш хурц байдаг тул нарны тос (SPF 50), малгай, нарны шилээ мартуузай. Нар түлэгдсэний дараа түрхэх алоэ вера гель авч явбал хэрэг болно. Оройдоо далайн эрэг орчим шумуул их байдаг тул шумуулын эсрэг тос эсвэл шүршигч авч яваарай.
Цахим хэрэгсэл, залгуурын хувиргагч
Гар утас, цэнэглэгч, powerbank, чихэвчээ мартуузай. Вьетнамд 220V хүчдэлтэй залгуур хэрэглэдэг бөгөөд зарим буудалд манайхаас өөр хэлбэрийн залгуур байдаг тул олон улсын залгуурт тохирох хувиргагч (universal adapter) авч яваарай. Powerbank-аа зөвхөн гар тээшиндээ хийнэ. Интернэт хэрэглэх бол Вьетнамын SIM карт эсвэл eSIM авбал роумингаас хямд.
Далайн эрэг, усан санд
Усны хувцас, нөмрөг эсвэл нимгэн цамц, халтирдаггүй усны шаахай, хурдан хатдаг алчуур, утасны усны хамгаалалттай уут бэлдээрэй. Усан сангийн эргэн тойрон, чулуурхаг эрэг гулгамтгай байдаг тул халтирдаггүй улавчтай шаахай заавал хэрэгтэй. Нарны цацрагаас хамгаалах урт ханцуйтай усны цамц хүүхдэд ялангуяа тохиромжтой. Шумбалт (snorkeling) хийх бол өөрийн шумбалтын нүдний шилтэй байвал илүү тухтай.
Нислэгийн үеэр
Онгоцонд агаар хуурай, хүйтэн байдаг тул нимгэн куртик эсвэл ороолт, уруулын тос, чийгшүүлэгч авч яваарай. Хүзүүний дэр, нүдний халхавч, чихний бөглөө урт нислэгийг тань илүү тухтай болгоно. Гар тээшинд шингэн зүйлийг 100 мл-ээс бага савтай, нийтдээ 1 литрийн тунгалаг уутанд багтаан авч явна. Тусгай хоол хүнс хэрэглэдэг бол олон улсын нислэгийн дүрмийн дагуу битүү савалгаатай бэлдэж авч яваарай.
Эм, анхны тусламж
Байнгын эмчилгээ хийлгэдэг бол өдөр тутам уудаг эмээ аяллын хугацаанд хүрэлцэхээр, арай илүү хэмжээгээр бэлдээрэй. Жороор олгодог эм бол жорын хуулбарыг хамт авч яваарай. Толгой өвдөх, халуун бууруулах, ходоод гэдэсний болон харшлын эм, шархны лент, ариутгагч салфетка, спирт бүхий анхны тусламжийн жижиг цүнхтэй байгаарай. Нярай, бага насны хүүхэдтэй бол тэдэнд тохирох эмийг тусад нь бэлдээрэй. Бүртгэлийн ачаа хоцорч ирэх тохиолдол байдаг тул эмээ гар тээшиндээ хийгээрэй.
Тухайн орны онцлог
Аялагч бид тухайн орны зочин билээ. Очих газрынхаа онцлогийг урьдчилан судалж, хэрэгтэй зүйлсээ бэлдэж, нутгийн иргэдийн ёс заншил, хууль дүрмийг хүндэтгэвэл аялал тань алдаагүй, сайхан дурсамж үлдээх болно.
Сүм хийд, дурсгалт газарт зочлоход
Сүм хийд, түүхэн дурсгалт газарт зочлохдоо мөр, өвдгөө халхалсан хувцас өмсөөрэй. Ороолт авч явбал богино ханцуйтай үедээ мөрөө нөмрөхөд хэрэг болно. Сүм дотор ороход гутал, малгайгаа тайлж, чимээгүй байгаарай. Бурханы хөрөг рүү хөлөө чиглүүлэхгүй байх, лам хуврагийн зургийг зөвшөөрөлгүй авахгүй байх нь тухайн орны соёлыг хүндэтгэж буй хэрэг юм.
• Хойд хэсэг (Ханой, Ха Лонг, Сапа): 12–2-р сард сэрүүн, 15–20°C, шөнөдөө 10°C хүртэл хүйтэрнэ. Нимгэн куртик, урт ханцуйтай цамц, урт өмд, хаалттай гутал авч яваарай. Сапа руу явах бол дулаан хувцас нэмээрэй.
• Төв хэсэг (Да Нанг, Хой Ан, Натранг): Дулаан, наралттай, 22–28°C. Нимгэн, хөнгөн хувцас, сандал, оройдоо нөмрөх нимгэн цамц авч яваарай. Хааяа богино хугацааны бороо орох тул эвхэгддэг шүхэртэй байхад илүүдэхгүй.
• Өмнөд хэсэг (Хо Ши Мин, Фу Куок, Муй Не): Халуун, хуурай улирал, 25–33°C. Хөвөн, маалинган даавуун нимгэн, цайвар өнгийн хувцас, богино өмд, хөнгөн даашинз, сандал, малгай тохиромжтой.