Вьетнамд аялахдаа мөнгө солихдоо дараах зүйлсийг анхаарна уу.

Аяллын мөнгөн төсөв, түүний хэрэглээ
Төсөв гаргах Аяллыг тайван өнгөрүүлэх гол баталгаа бол мөнгө. Очих газраа урьдчилан судалж, үзвэр үйлчилгээ, такси, хоол, худалдан авалт, гар зардалд зарцуулах төсвөө гаргаарай. Гэнэтийн зардалд зориулж төсвөө 10–15 хувиар илүү тооцвол санаа амар. Төлбөрийн хэрэгслээ бэлэн мөнгө болон олон улсын карт гэж хувааж, аль нэгэнд нь асуудал гарвал нөгөөг нь ашиглах боломжтой байлгаарай. Картаа урьдчилан бэлдэх Аялалд гарахаасаа өмнө картаараа гадаадад төлбөр хийх, бэлэн мөнгө авах эрх нээлттэй эсэхийг банкнаасаа лавлаж, гүйлгээний лимит, шимтгэлээ тодруулаарай. Гадаадад байхдаа карт тань хаагдах тохиолдолд холбогдох банкныхаа утасны дугаарыг хадгалаад аваарай. Ханшийн тооцоо Вьетнамын мөнгөн тэмдэгт нь донг (VND). Ойролцоогоор 1 ам.доллар ≈ 26,000 донг, 100,000 донг ≈ 14,000 төгрөг байна. Хялбар тооцох арга: донгийн дүнг 7-д хуваавал ойролцоогоор төгрөгийн дүн гарна. Ханш өдөр бүр өөрчлөгддөг тул аялахынхаа өмнө шинэчилж шалгаарай. Валют солих Ам.доллараа шинэ, цэвэрхэн, урагдаагүй дэвсгэртээр авч яваарай. Хуучирсан, бичигтэй дэвсгэртийг авахгүй эсвэл бага ханшаар солих тохиолдол бий. Нисэх буудал дээр аяллын хугацаанд хэрэглэхээр тооцоолсон мөнгөнийхөө 30 хувийг эхний ээлжинд солиулж, үлдсэнийг нь хотод очоод банк эсвэл албан ёсны солилцооны цэгт солиорой. Ингэвэл ханшийн хувьд ашигтай. Бэлэн мөнгөний хэрэглээ Зах, гудамжны хоол, жижиг дэлгүүр, зарим такси зөвхөн бэлэн мөнгө авдаг. Донгийн дүн олон тэгтэй, зарим дэвсгэртийн өнгө төстэй тул төлөхдөө дэвсгэртээ сайн шалгаарай. Бага дүнгийн дэвсгэрт бэлдвэл хариулт авахад амар. Бүх мөнгөө нэг дор бус, түрийвч болон буудлын сейфэнд хувааж хадгалаарай. Картын гүйлгээ Зочид буудал, том ресторан, худалдааны төвд картаар төлөх боломжтой. Гадаад гүйлгээ, АТМ-аас бэлэн мөнгө авахад таны банк болон Вьетнамын банк хоёулаа шимтгэл авч болох тул АТМ-аас олон удаа бага дүнгээр бус, цөөн удаа авбал хэмнэлттэй. Картаар төлөхөд донгоор эсвэл төгрөгөөр төлөх сонголт гарвал донгоор төлөөрэй. Төгрөгөөр төлөхөд ханш ихэвчлэн муу байдаг.