Airplane Travel Agency

Цэс

Бичиг баримттай холбоотой зөвлөмж
arrow_back Блог руу буцах Бичиг баримттай холбоотой зөвлөгөө

Бичиг баримттай холбоотой зөвлөмж

calendar_today 2026.11.16 visibility 41 үзэлт

Аялалд гарахаасаа өмнө бичиг баримт, хил нэвтрэх шаардлагуудаа сайтар шалгаж, аяллаа ямар ч саадгүй эхлүүлээрэй.


Паспортын хүчинтэй хугацаа

Гадаад паспорт тань аялал эхлэх өдрөөс хойш 6-аас доошгүй сар хүчинтэй байх ёстой. Хугацаа нь дуусах дөхсөн бол аяллаас өмнө амжиж сунгуулаарай. Ингэхгүй бол онгоцонд суулгахгүй эсвэл очих улсад нэвтрүүлэхгүй байх эрсдэлтэй.

Паспортын хоосон хуудас

Паспорт тань дор хаяж 2 хоосон хуудастай эсэхийг шалгаарай. Хилээр гарах, орох тамга дарахад хуудас шаардлагатай.

Виз

Очих улс тань виз шаарддаг эсэхийг урьдчилан тодруулаарай. Монгол Улсын иргэд дэлхийн 30 улсад 14–90 хоног хүртэл визгүй зорчих боломжтой. Тухайлбал, Вьетнамд 30 хүртэл хоног визгүй зорчино. Виз шаардлагатай бол бүрдүүлэлтэд цаг хугацаа ордог тул эрт эхлүүлээрэй. Визгүй зорчих бусад улсын жагсаалтыг Гадаад харилцааны яамны Консулын газрын цахим хуудаснаас харна уу: https://consul.mn

Хүүхдийн бичиг баримт

Хүүхэд, нярай бүр өөрийн гадаад паспорттой байна. Хүүхэд тань хамт яваа эцэг эсвэл эхээрээ овоглоогүй бол (жишээ нь, эцгээрээ овоглосон хүүхэд эхтэйгээ явах үед) төрсний гэрчилгээний эх хувийг заавал авч яваарай. 18 нас хүрээгүй хүүхэд эцэг эхээсээ өөр хүнтэй (эмээ, өвөө, ах эгч гэх мэт) зорчих бол эцэг эхийн нотариатаар баталгаажуулсан итгэмжлэл, иргэний үнэмлэхний хуулбар шаардлагатай. Эдгээр бичиг баримтгүй бол хүүхдийг хилээр нэвтрүүлэхгүй.

Хилийн хориг

Хилээр гарах хориг байгаа эсэхээ аяллаас өмнө заавал шалгаарай. Энэ тухай нисэх буудал дээр мэдвэл аялал тань бүрмөсөн цуцлагдаж болно. Шүүхийн шийдвэрээр ногдуулсан төлбөр төлөөгүй, хүүхдийн тэтгэлэг 3-аас дээш сар төлөөгүй, эсвэл эрүүгийн хэрэгт холбогдсон тохиолдолд хориг тавигддаг.

Хэрхэн шалгах вэ?

E-Mongolia цахим систем болон гар утасны аппликейшнээр үнэ төлбөргүй шалгах боломжтой.

1. E-Mongolia-д өөрийн бүртгэлээр нэвтэрнэ (18 ба түүнээс дээш насны иргэд).

2. Хайлтын хэсгээс "Улсын хилээр нэвтрэх эрхийн лавлагаа" үйлчилгээг сонгоно.

3. Хүсэлт илгээхэд хориг байхгүй бол зорчих эрх нээлттэй гэж, хоригтой бол хориг тавьсан огноо болон тайлбар харагдана.